Хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв
- 1 цаг 25 мин
- Улс төр
- 0

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрхэмсэг ноён Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж байгаа тул өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.
Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Парламентын бүлгүүд, Тамгын газрын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.
Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл, заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэв.
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа.
Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2024 оны 09 дүгээр сард хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шат ахиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсний дараа үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Эрхэмсэг ноён Чан Тань Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажиллаж байгаагааа тодотгоод ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд ямагт анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань Ман, айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав хэмээнУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)